Социалист нийгэм буюу 70, 80 он манай улс хайрт удирдагчдаасаа авхуулаад ухаан орсон хүүхэд хүртлээ Коммунизмд хүрнэ хэмээн итгэж гарын хөдөлгөөнөөр удирдах тоглоом адил зүтгэцгээж байв. Бүх хүүхдүүд хичээл сургуультай, харин томчууд ажил хөдөлмөртэй таван жилийн төлвөлгөө гэгчээр зорилго тавин нүдэцгээж гарна.
Гэвч арайч бүх зүйл саар байсангүй. Өглөө ажилдаа яаран хэн нэгнийг гархад гудамж услан явах машин өнгөрч өглөөний чийглэг агаар цээж дүүрэн сэнгэнэж, хичээлдээ яаран гүйх багачууд нь инээлдэнэ. Цэнхэр биеийн тамирын хувцастай хөгшид дасгал хийн алхана. Мод зүлэг ногоорон цэцгийн мандал алаглах нь сэтгэлд таатай харагдана. Усан ориглуур тойрон хүүхдээ салхилуулах ээжүүд гээд коммунизм ойрхон мэт харагдана. Гэхдээ энэ нийгэмд болохгүй зүйл нь олон байсан юм. Ажил албанд орох, албан тушаал дэвших, хэрэг зоригоо бүтээх бол танил тал болон гар хүндрүүлэхгүй бол бүтнэ гэж бараг үгүй. Хувийн хөрөнгө, ашигтай наймаа яривал бүүр ч бүтэхгүй. Харин ч бүр нарсанд явах магадлалтай. Хэн нэгэн даргыг муу хэлж болохгүй, гадаад оронд зорчино гэвэл зөвхөн ЗХУ ба бусад социалист оронд ганцхан улаан коммунист шалгарсан зулгуйчиддаа л эрх өгнө. Ийм л нийгэм байж.
Гэтэл 1990 оноос нийгэмд хачирхалтай зүйлс их гарлаа шүү. Хүмүүс Сүх жанжины талбай дээр бөөнөөр цуглан хашгиралдаж нам төрийг эсэргүүцэн лоозон барьж жагсах болов. Бүр сүүлдээ өлсөглөн зарлаж бөөн шуугиан дэгдэв. Би нэгэн сахалтай эрдэмтэн имперлист Америкт цаасан хайцагт суугаад өлсгөлөн зарлаж байхыг зурагтаар л харж байж билээ. Ийм зүйлийг төрийнхөө талбай дээр нүдээрээ үзэнэ гэж зүүдэл ч байсангүй. Гэвч эдгээр ах нарын ярих зүйл сэтгэлд гүн тусаж байсан юм. Хүн өөрөөр амьдарч нийгэмд эзлэх байр сууриа өөрөөр тодорхойлж болох юм байна хэмээн бодоцгоох болов. Ингэж л нийгэм шилжэв. Энэ шилжилтийн үед олонч хүн хөл алдаж эмзэг давхрага гэгдэх нэгэн шинэ нэр томъёо бий болж, мөн нэлээдгүй хүмүүс тухайн үед байсан албан тушаалаа ашиглан хөлжин хөрөнгөжиж авлаа. Энэ нь бид нийгэм алгассаны горыг амсаж байгаа мэт.
Одоо хархад өмнөх нийгэмд байсан дарга нарын хээл хахууль, танил тал, албан тушаал урвуулан ашиглах зэрэг нь одоо болтол амь бөхтэй оршисоор байна. Харин тэр нийгмийн үед байсан ах захаа хүндэтгэх, бусдын төлөө үнэнчээр зүтгэх зан чанар, сайхан ногоон модот гудамж, алаг цэцэгс, тоглоомын талбай, усан ориглуур, эмх цэгц зэрэг үлдэж хоцорсонгүй. Амьдралын шаардлагаар хүн бүр хөрөнгөжих бодолд оюун санаа, мах бодио хөтлүүлж боломжтой бүхэнрүү улангасан дайрах болов. Шинээр төрсөн баячууд худалдаж авч болох бүхнийг авч, зарж идэж болдог бүхнийг зарж идээд дуусаж байна. Улмаар тэд хууль гэдэг зүйлээр ард олныг удирдаж болдог хэмээн сэтгэн улс төрд шунан дурлах болов. Хууль тогтоох байгууллага болон бусад сэнтийд эзэгнэн суух хүслээр хэнийг ч үл хайхран хөөрхий ард иргэдийн өлмөн зөлмөн амьдарлаар тоглон туучин гишгичсээр зорилгодоо хүрнэ. Хулгайчыг бариарай хэмээн хамгийн чангаар хашгирч байгаа хүн хугайч байдаг гэдэг үг байдаг. Тэгвэл хамгийн ихээр шудрага ёс ярьж ард түмний нэрийг гул барьдаг эрхэмүүд хэн болж таархав. Нийгэм шилжих үед албан тушаал авч төдийгөөс өдийг хүртэл буухгүй байгаа эрхэмүүд улаан номонд орсон ховор хүмүүс юмуу. Эсвэл тэд төрхөөсөө дарга заяаатай, бид төрөлхийн гуйлгачин заяатай байх ёстой болж таарвуу.
Тэд урд нийгмийн үед бас л алба хашин коммунизмын төгс ялалтын төлөө хэмээн учиргүй хашигачиж байсан хүмүүс биз дэ. Одоо яагаад гэнэт ард түмэндээ хайртай улаан ардчилагчид болон хувирав. Мөнхөд төр барих заяатай гэж юунд өөрсдийгөө бодно вэ. Миний ард түмэнд төр түшилцэх, хоёргүй сэтгэлээр ард иргэддээ зүтгэх мэдлэг чадвартай аавын хүү ээжийн охид эрээд эрээд олдохгүй байна гэжүү..................
Энэ хотод төрж өсөж амьдарсаар эдүүгээг хүрлээ. Аав ээжийгээ даган хүүхдийн парк хэмээх газар очин тоглон наадаж байсан үе минь саяхан. Одоо би эрийн цээнд хүрч гэр бүлтэй болжээ. Хүүхдээ тоглуулах гэж бодсонч хаана вэ? Хуучин паркад очлоо менежментийн өөрчилөлт хийсэн гээд үнэ цэнэ нь өөр болж. Тоглоомууд нь сайхан гэхэд ч хэцүү муухай гэхэд ч хэцүү болж. Үнийн хувьд ч хүн бүр хүүхдээ тоглуулах боломжгүй болж. Хот маань урд байгаагүй өндөр байшин ихтэй болхын хэрээр мод зүлэг, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгүй болж, үнэтэй сайхан машин ихсэх тусам замын бөглөө тоймоо алдаж хүмүүс бухимдах болов.
БИ бид гайхсаар л байна, нөгөө сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай, зам гүүр, төмөр зам, орон сууц, цахилгаан станц, эмлэг барих мөнгө хаашаа урсаж алга болоод байнаа. Яагаад мах, будаа, гурил, бензин шатхуун, байрны үнэ өссөөр бидний цөөхөн Монголчуудыг элгээр нь чирэнэ вэ. Та хоёр нийгмийг дамнан төр түшээд юу хийсэн юм бэ. Эрхэм төрийн хүн та надад хариулаач.
Нийтлэл бичсэн: Н.Амаржаргал
Бичлэг
